Сайн байцгаана уу.
Дуу хуурын өлгий нутгийнхаа хөдөлмөрч, ажилсаг ард иргэд та бүхнийхээ амар амгаланг айлтган мэндчилж, аймаг байгуулагдсаны түүхт 70 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлж байна.
Дундговь аймаг, БНМАУ-ын Улсын Бага Хурлын 1941 оны 12 сарын 11-ний өдрийн 81 дүгээр тогтоолоор үүсэн байгуулагдаж, Шарангад хэмээх газар гал голомтоо бадраасан түүхтэй.
Өнгөрч байгаа 70 жилд аймгийн нийгэм, эдийн засаг, соёл урлаг, боловсрол, эрүүл мэнд зэрэг бүхий л салбарт багагүй амжилт оллоо. Тухайлбал аймгийн бүх сум эрчим хүчний найдвартай эх үүсвэрээр хангагдаж, орчин үеийн цахим техник, технологийн хөгжлийн үр дүнд өндөр хурдны интернэт, үүрэн холбооны оператарууд байгуулагдаж, олон сувгийн телевизүүдтэй болж ард иргэдийн ажиллаж амьдрах таатай орчин нөхцөл бүрдсээр байна.
Цаашид бид нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд цөлжилтийг сааруулах талаар "Ногоон хөгжил- Дундговь" хөтөлбөрийг хэрэгжүүлж, жижиг дунд үйлдвэр байгуулах замаар ажлын байр нэмэгдүүлж, ажилгүйдлийг бууруулах, иргэдийнхээ амьдралын түвшинг сайжруулахад бүхий л бодлого чиглэлээ хандуулан ажиллах болно.
Бид аймгийн хөгжлийн ирээдүйг өөдрөгөөр төсөөлж хөдөлмөрч авьяаслаг та бүхнийхээ оюуны өндөр чадавхи, бүтээлч санаачилгад тулгуурлан амжилтанд хүрнэ гэдэгт итгэл дүүрэн байна.
Шинэ зуунд аймаг, орон нутаг маань хөгжин цэцэглэж хөделмөрч бүтээлч, авъяас билэгт ард иргэд маань аз жаргалтай сайн сайхан амьдрах болтугай.
Дундговь аймгийн
ИТХ-ын дарга Засаг дарга
Ц.Мөнгөнцоож Д.Чандмань